Цагаан идээний ач тус

2024/04/01

Монголчууд урин цагт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү, цагаан идээ голлон хэрэглэдэг. Таван хошуу малынхаа сүү, саамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг цагаан идээ гэж гэнэ. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн байна. Ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Тараг

Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг. Мөн дархлалын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.

ААРУУЛ

Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай. Биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулын шүүсийг уухад дарагдана.

АЙРАГ

Гүүний сүү амтлаг, хүчиллэг чанартай. Уушгины өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн"цагаан гүүний" саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг. Айраг нь шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

ААРЦ

Сүүний хүчил нь найрлагадаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэи хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.




ЭХ СУРВАЛЖ/ мүонцх