Хонины уушигны аденоматоз өвчин гэж юу вэ?
Ердийн нөхцөлд хонь, ямаа амьсгалын замаар халдварлана. Өвчний үүсгэгч агаар дуслаар дамжина. Цус, сүү, үр хөврөлөөр дамжиж болно. Өвчний үүсгэгчийн эх булаг нь бетаретровирусээр халдварласан болон аденоматозоор өвчилсөн хонь, ямаа юм. Ихэвчлэн 2-4 насны хонь аденоматозоор өвчлөх боловч 2-оос дээш сарын бойжилттой хурганд тохиолдож болно. Аденоматозоор ямаа мөн өвчилнө. Жилийн аль ч улиралд энэ өвчин илрэх бөгөөд өвөл, хавар өвчлөл нэмэгддэг.
Өвчилсөн хонь, ямаанд үе үе хэржигнүүртэй ханиах, хамраас шингэн гоожих, лавшран турах зэрэг шинж архаг явцтай илэрч улмаар үхнэ. Өвчний шинж тэмдэг 2-4 сар, заримдаа 8 сарын турш үргэлжилнэ.
Малын эмч үзлэг шинжилгээ хийхдээ тухайн айлын бүх хонь, ямааны уушигны орчимд чагнах (ус буцалж байгаа мэт авиа сонсогдоно), хамрын гоождос шинжлэх (бөгснөөс нь өргөж толгойг унжуулахад хамраас салслаг шингэн гоожино), амьсгалын ажиллагааг сорих (20 минут хөөж туусны дараа эсвэл хамрыг нь бөглөн нэг минут амьсгааг түгжихэд амьсгаадаж хэрчигнүүртэй удаан ханиана), биеийн халууныг хэмжих (бусад өвчний хүндрэлгүй бол биеийн халуун хэвийн байна) зэрэг аргуудаар гүйцэтгэнэ.
Эмчилгээ: Аденоматозыг эмчлэх, сэргийлэх өвөрмөц арга хэрэглүүр боловсруулагдаагүй.
Эх сурвалж: Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори