Тэмээний тухай
Дэлхийн тэмээний 90%-ийг наран тэмээ буюу нэг бөхт тэмээ эзэлдэг бол үлдсэн 10%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хоёр бөхт тэмээ нь Монгол, Хятадын хойд говь, Халимаг, Киргызстан, Казахстан улсад бий. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс гэгдэх “хавтгай” юм. Хавтгай нь Монголын Алтайн цаадах говь цөлийн бүсэд амьдардаг. Тэмээг 5000 гаруй жилийн өмнөөс гаршуулан эдлэг хэрэглээнд хэрэглэж иржээ. 2023 оны байдлаар монгол улсад 473853 тэмээ тоологдсон,
Тэмээний онцлог: Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том, булчингийн хөгжил сайн байдаг. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зун хэт халах, өвөл хэт хүйтэрдэг газрын гадаргаас өөрийнхөө биеийг хамгаалдаг зохицолгоотой. Тэмээний арьс нягт зузаан, атираагүй гөлгөр, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний сэтэрхий уруул нь баруун зүүн тал руу тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамлаар хооллох зохилдолгоог бий болгожээ. Тэмээний арьс хатахдаа сунаж агшдаггүй учраас ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг, үнэр сайн мэдэрдэг учраас ус худаг, айлын бууц зэргийг 30 орчим км зайнаас ч мэдэрч чаддаг байна. Тэмээ 30-35 жил насалдаг, амгалан дөлгөөн зантай, уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог, дуу хуур уянгалаг аялгуунд уярамтгай байдаг. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг ба малчид тэмээгээ ботгон насанд нь барьж, бэлчээрт тавьж номхруулан 2-2.5 настайд нь уналганд сургадаг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь жолоо болох ба тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл болно.
Тэмээний мах сүүний онцлог: Тэмээний махыг говийнхон хүнсэнд хэрэглэдэг ба борц хийх аргаар хадгалдаг. Тэмээний махны 1кг борцны илчит чанар 1326.3 ккал байдаг. Ингийг зун намарт өдөрт 2 удаа, өвөл хаварт өдөрт 1 удаа сааж, өтгөн амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалах чадвартай сүү авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурахаас сэргийлж, нарны болон бусад хортой цацраг идэвхт бодисын нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн болдог. Ингэний сүүгээр айраг исгэж, тосыг нь ялган авна, сүүгээр нь өрөм загсааж хурааж шар цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлэн шүүж аарц хурууд хийнэ. Ингэний сүү цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.