Тарваганы тухай
Тарвага нь Хэрэмний овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага буюу хар тарвага, хээрийн тарвага буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан байна. Мах, арьсны үнэт үслэг ан юм. Биеийн урт 47—58 см, жин 3—5 кг. Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12 мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байж өвсөн хоолонд орно. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идээшлэдэг.Алтайн тарвага буюу хар тарвага биеэр арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг. Амьдралын ихэнх хугацааг нүхэнд өнгөрөөх ба бүлээрээ нийлж ичдэг нүхийг “ичээ”, бусад үед амьдрах нүхийг түр нүх буюу “зусаал” нүх гэнэ. Тарвага 10-р сарын сүүл үеэс дараа оны 3-р сарын дунд үе хүртэл ичнэ. Хавар ичээнээс гармагц ороо хөөцөлдөө нь эхэлж нэг сар орчим үргэлжилнэ. Гол дайсан нь бүх махчид, нохой, махчин шувуу, хүн болно. Тарвага агнуурыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар 2005 оноос эхлэн хориглосон.
- Нэг настай төлийг мөндөл гэнэ.
- 2 настай залуу тарвагыг хотил эсвэл бозлог гэж нэрлэнэ.
- 3 настай залуу тарвагыг шар хацарт гэнэ.
- Насанд хүрсэн эрэгчин тарвагыг бурхи гэнэ.
- Насанд хүрсэн эмэгчин тарвагыг тарч гэнэ.
эх сурвалж/ википедиа