Монгол хонины ноос
Ноос нь хонь, тэмээ, туулай болон бусад үсэрхэг тэжээмэл амьтадаас гардаг үс бөгөөд хүний хувцасны хэрэглээнд ба дулаалгын хэрэглээнд өргөн ашигладаг. Ноос нь арьсан дээрх тусгай эснээс ургадаг. Монгол хонины ноосны дийлэнх хувийг буюу 45.8-59.6%-ийг цагаан ноос эзэлдэг байна. Монголчууд хонины цагаан ноосоор эсгийгээ хийж, гэрээ бүрж амьдардаг.
Хаврын сүүл, зуны эхэн үед хонь мал өвс ногоонд цадаад ирэхээр үс ноос нь хөндийрч эхэлдэг. Хонины ноосыг жилд 2 удаа авах бөгөөд зуны эхэн сард авсныг “уртын ноос”, намар авсныг “ахрын ноос” гэж нэрлэдэг. 2023 оны мал тооллогын дүнгээр монгол улсад 29,4 сая хонь тоологдсон . Нэг хониноос дунджаар жил бүр 1,5-2 кг ноос авдаг байна. Монгол хонины ноосны ширхэг нь бүдүүн, хөндий голтой зэрэг нь Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлог юм.
Ноосны ширхэгийн олон тоо ба буржийдаг онцлог нь нэг нэгэндээ наалдагдаж хоорондын завсартаа агаар агуулдаг нь дулааныг хадгалах гол нөхцөл болдог. Ноосны шатах температур 560оС байдаг учраас тийм ч амархан шатдаггүй бөгөөд ширхэгийн гадна үеийг бүрдүүлдэг кератиний 50.65 % нь нүүрстөрөгч байдаг байна.