Нүүдлийн мал аж ахуйн хөгжил

2024/04/17

Монгол орны хүн амын аж төрөх хэв шинж нь нүүдлийн мал аж ахуйн уламжлалт арга барилд суурилсан. Нүүдлийн мал аж ахуйг хүн төрөлхтний үйлдвэрлэл явуулах анхны хэлбэр гэж үздэг. Монголын малчин аймгууд хоорондоо ялгарах эрс тэс шинж бүхий уур амьсгалтай дөрвөн улирлын турш нутаг бэлчээр сэлгэн нүүдэллэж ирсэн онцлогтой. Өвөлдөө 30-40 хэм хүртэл хүйтрэх, зундаа 30-40 хэм хүртэл халуун болоход ч, бороо хур ховордож ган болох, цас их орж өвс тэжээл хомсдон зуд нүүрлэх тохиолдолд ч бэлчээрээр мал сүргээ хариулсаар ирсэн билээ. Монгол мал өвлийн уртад турж эцдэг, хаврын урин цагт төллөж үрждэг, зуны дэлгэр цагт тэнхэрч тэвээрдэг, намрын таатай үед хүч таргаа гүйцээдэг биологийн зохилдолгоотой тул ашиг шимийн гарц нь тэрхүү байгалийн онцлогт таарч тохирсон байдаг. Дэлхий дээр нэг төрлийн малыг олон янзаар нэрлэдэг улс орон нь зөвхөн Монгол юм. Суурин соёл иргэншилийг бүтээгчид бол байгалийн эсрэг буюу байгалийг өөрчлөх зүй тогтлоор хөгжиж ирсэн бол нүүдлийн соёл иргэншилийг бүтээгчид нь байгалийн хуулийг танин мэдэж түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн юм. Нүүдэлчидийн бэлчээрийн мал аж ахуй нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, харин нөхөн сэргээж байдаг.

Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонх нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй, заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ. Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болсон.