Хурга хөнгөлөх ёс
Монголчууд сайн өдрийг сонгон төлөө хөнгөлдөг. Хурга хөнгөлөхөд зуны эхэн сарын шинийн гурван хамгийн ээлтэй өдөр гэж үздэг байна. Цаг агаарын байдлаас хамаарч нутаг нутагт энэ хугацаа өөр өөр байх бөгөөд зөөлөн дулаан уур амьсгалтай хангай газарт аргын тооллын тавдугаар сарын эхээр хурга, ишгээ хөнгөлнө. Мал хөнгөлөх нь эх мал, эцэг малын тэнцвэрийг тогтоож буй хэрэг. Хурга ишгийг нэг настайд нь хөнгөлдөг бол тугалыг хоёр, тухайлбал бяруу, унагыг үрээ болгож байж хөнгөлнө.
Хөнгөлөх хутга нь нарийн үзүүртэй нимгэн хутга байдаг бөгөөд тэр хутгаа хадганд ороогоод нандигнан хадгалж зөвхөн мал хөнгөлөхөд хэрэглэнэ. Хурга хөнгөлөх хүнд хадаг барин сүү амсуулж хүндэтгэл үзүүлнэ. Бие хүч сайтай, халзан цагаан зүстэй хургыг анхлан хөнгөлөх бөгөөд хөнгөлсний хойно “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан”, “Цус нь цагтаа хатаж, өвчин нь өдөртөө эдгэр” гэх мэтээр ерөөл хэлнэ. Ингэхдээ мал сүрэг арвидан үржихийг бэлгэдэн тариа будаа цацаж өргөнө. Хуц тавих хургаа хөнгөлөхгүй үлдээхдээ магнайд нь шар тос юм уу тараг зэрэг цагаан идээ түрхэн мялаана. Хургаа хөнгөлж дууссан хойно засааг сайтар угааж цэвэрлээд хөшиглөсөн махтай хамт чанана. Улмаар дээрээс нь будаа хийж буцалгаад засаатай, будаатай шөл болно.
Мал хөнгөлсөн айл гурван хоног гадагш нь сүү, цагаан идээ, архи сэлтийг гаргахгүй хатуу цээртэй. Цээрийн хугацаанд идээ будаа гадагш гаргавал малын засаа хүндэрч гарз гарна гэж үздэг.