Айраг

2024/05/24

Монголчууд гүүний сүүгээр айраг исгэдэг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх амин дэмүүд бий . Гүүний айргийг Монгол Улсаас гадна Бүгд Найрамдах Казахстан ба Киргиз улс, ОХУ-ын Автономит Башкир болон Халимаг улсад хийдэг байна. 

Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж ирсэн. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм.

Айраг бол кальций, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессийг зогсоох, гэдэсний рH –ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой. Ийм учир айргийн хөрөнгө бэлтгэхэд антибиотик идэвх сайтай, хоорондоо харилцан нийцэл чанартай сүүнхүчлийн бактер, дрожжийн өсгөврүүдийг шилэн сонгож хамсгах нь чухал юм. Гүүний сүүнд 6.5-7.0% сүүний чихэр-лактоза байдаг.